ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Хууль эрх зүйн ойлголт судлах зүйл

ТББ-ыг байгуулах загвар дүрэм

2010-03-02 00:52

 

 
ТББ-ын загвар дүрэм
 
Аюулгүй Зам Төвийн дүрэм
 
Бүлэг I
Ерөнхий зүйл
 
1.1– Албан ёсны нэр. Байгууллагын албан ёсны нэр нь “Аюулгүй зам төв” ба   цаашид АЗ төв гэж товчлон нэрлэж болно.
1.2 -Оршин тогтнох хугацаа. Санаачлагчид хуралдаж байгууллага байгуулах шийдвэр гаргасан өдрөөс үүсгэн байгуулагдсанд тооцно.
1.3 Байршил. АЗ төв нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 хорооны 15-р байрны 50 тоотод байрлана. Шуудангийн 22-р салбар 66-р хайрцаг гэсэн хаягтай байна.
 
Бүлэг II
Хуулийн үндэслэл ба хуулийн этгээдийн эрх
 
2.1- Хуулийн үндэслэл. АЗ төв нь Монгол улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд болон энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2- Байгууллагын хуулийн этгээдийн эрх. АЗ төв нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. АЗ төв өөрийн хэвлэлтэй байж болно.                                           
                                                                
Бүлэг III
Үйл ажиллагааны чиглэл, зорилго, зарчим
 
3.1- Үйл ажиллагааны чиглэл. АЗ төв нь авто замын аюулгүй байдлын төлөө төр ба төрийн бус байгууллагатай хамтран олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага мөн.
3.2 - Алсын хараа.Аюулгүй нийгмийн үндэс болсон аюулгүй авто замыг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ.
3.3- Эрхэм зорилго. Авто замын зохион байгуулалтыг сайжруулж, соёлтой хөдөлгөөнийг хэвшүүлэх замаар осол аваарыг бууруулахад төр ба олон нийтийн хариуцлагатай оролцоог өндөржүүлэхэд нөлөөлнө.
3.4- Зорилтууд
·         Замын аюулгүй хөдөлгөөнийг дэмжихэд иргэн бүрийг татан оролцуулна
·         Авто замын зохион байгуулалтыг сайжруулж дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэхэд төрийн байгууллагатай хамтран ажиллана
·         Замын аюулгүй байдлыг сайжруулах, урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчинг цогцоор бүрдүүлэх, боловсронгуй болгоход нөлөөлнө.
·         Замын сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих замаар үр дүнтэй зарцуулалтыг сайжруулна.
3.5 - Зарчим
  • Замын хөдөлгөөнд оролцох хүн бүхний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх замаар аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэн үнэмших
  • Төр ба ТББ-ын хамтын үйл ажиллагаа, түншлэл нь аюулгүй нийгмийг бүтээх гол түлхүүр гэдэгт итгэн үнэмших
  • Ардчилсан, шударга ёс, ил тод байдал, хуулийг эрхэмлэн дээдлэх
  • Нэг зорилго, нэг үзэл баримтлал, нэгдмэл бүтэц, зохион байгуулалттай ажиллах
  • Байгууллагын алсын хараа, зорилгоо итгэл үнэмшил болгон дээдэлж даган мөрдөж байх
  • Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
  • Улс төрийн аль нэг нам, хүчнээс хараат бус байх
  • Сайн дурын гишүүдийн оролцоог дэмжиж, хүн бүрийн хөгжих орчныг бүрдүүлэх
  • Сонирхлын зөрчил гаргахгүй байх
  • Олон нийтэд нээлттэй байх
 
Бүлэг IV
АЗ төвийн бүтэц, албан тушаалтны нэр томьёо
 
4.1- Удирдах зөвлөл гэдэгт АЗ төвийн эрх барих дээд зөвлөлийг,
4.2- Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг,
4.3- Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг,
4.4- Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг,
4.5- Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг,
4.6- Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг,
4.7- Гүйцэтгэх захирал гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа орон тооны захирлыг,
 
Бүлэг V
Удирдах зөвлөл
 
5.1- Удирдах зөвлөлийн тодорхойлолт. Удирдах зөвлөл нь АЗ төвийг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
5.2- Өөрийн удирдлагын зарчим. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
5.3- Удирдах зөвлөлийн гишүүний тоо. Удирдах зөвлөлийн гишүүний тоо таваас доошгүй сондгой тоотой байна.
5.4- Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт хугацаа. Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр гурван жилийн хугацаатай сонгогдох ба жил тутам тэдний гуравны нэг нь солигдож байхаар сонгууль явагдана. Нэг гишүүн нэг удаа улиран сонгогдож болно.
5.5- Удирдах зөвлөлийн гишүүний сонгууль. Сонгуулийн хорооны санал болгосноор шинэ гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар олонхийн саналаар батлан сонгоно.
5.6- Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгууль. Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
5.7- Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа. Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба дахин нэг удаа улируулан сонгож болно.
5.7- Удирдах зөвлөлийн ажил үүрэг.Удирдахзөвлөлдараахиажилүүргийггүйцэтгэнэ.
Ÿ Байгууллагын зорилго зорилтуудыг тодорхойлох
Ÿ Стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх
Ÿ Байгууллагыг бодлогын манлайллаар хангах
Ÿ Гүйцэтгэх захиргааны орон тоо болон төсвийг батлах
Ÿ Гүйцэтгэх захирлыг томилох, халах, үнэлэх
Ÿ Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах
Ÿ Санхүүгийн бодлогыг боловсруулах
Ÿ Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих
Ÿ Байгууллагыг олон нийт, засгийн газартай холбох
Ÿ Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
Ÿ Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
Ÿ Гүйцэтгэх захиргааны журмыг батлах
Ÿ Өөрсдийн үйл ажиллагааг чадварлаг явуулах 
 
Бүлэг VI
Удирдах зөвлөлийн хурал
 
6.1- Хурлын эрх хэмжээ. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
6.2- Хурлын төрөл. Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
6.3- Ээлжит бус хурал. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
6.4- Ээлжит хурал. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
6.5- Хурлын тов ба хэлэлцэх асуудал. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
6.6- Хурлын ирц. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
6.7- Хурлын шийдвэр.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. ???
6.8- Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл. Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
 
Бүлэг VII
Удирдах зөвлөлийн хороод
 
7.1- Хороод. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа хороодоор хэрэгжинэ. Удирдах зөвлөлийн гишүүд хороодод хуваагдан ажиллана. Дараахи хороод ажиллана.
7.2- Удирдах хороо.Удирдах хороог удирдах зөвлөлийн дарга ахлана. Удирдах хороны үүрэг:
  • Удирдах зөвлөлийн хурал хооронд яаралтай асуудлаар шийдвэр гаргах үүрэгтэй
  • Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах талаар бодлогын зөвлөмж гаргана
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн үнэлгээг зохион байгуулна
  • АЗ төвийн эрхэм зорилго, зорилтууд, стратеги төлөвлөгөөг боловсруулахад гүйцэтгэх захиралтай хамтран ажиллана
  • Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хариуцана
  • Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажлыг нь үнэлнэ
7.3- Сонгуулийнхороо. Шинээр гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй.
7.4- Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь АЗ төвийн санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана
7.5- Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад хороог байгуулж болно.
7.6- Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.
 
Бүлэг. VIII
Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
 
8.1- Албан тушаалтнууд. Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
8.2- Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
·         Удирдах зөвлөлийн дарга АЗ төвийг гадаад дотоодод төлөөлнө 
·         Удирдахзөвлөлийн хороодыг байгуулжахлагчдыгтомилно
·         Удирдах зөвлөлийн хурлыг даргалж санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана
·         Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдаагхангана
·         Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ
·         Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
8.3- Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй. 
8.4- Хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
8.5- Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.
 
Бүлэг IX
Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчлийг
 
9.1- Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах.
 Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.
9.2- Сонирхлын бусад зөрчилд үл автах.
Удирдах зөвлөлийн дарга болон гишүүд гүйцэтгэх захиргаанд цалинтай алба хашихгүй. Гүйцэтгэх захиргааны орон тооны ажилтан удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.Удирдах зөвлөлийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй
 
Бүлэг. X
Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
 
10.1- Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
10.2- Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
10.3- Татгалзуулах шалтгаан.Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.  
 
Бүлэг XI
Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
 
11.1- Гүйцэтгэх захиргаа. Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн.
11.2- Гүйцэтгэх захирлын эрх үүрэг. Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд АЗ төвийг төлөөлөх
  • Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • АЗ төвийн нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах
  • АЗ төвийн өмч хөрөнгийг захиран зарцуулах
  • АЗ төвийн тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна
  • Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх
  • Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах
  • Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах
  • Удирдах зөвлөлийн даргатай хамтран ажиллах 
 
11.3- Бусад үүрэг. Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.
 
Бүлэг XII
Санхүүгийн асуудлууд
 
12.1- Орлогын эх үүсвэр. АЗ төв дараахи орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна
  • Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого
  • Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого
  • Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж
  • Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд
  • Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд
  • Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр
12.2- Хөрөнгө зарцуулах зарчим. АЗ төв олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
12.3- Ашиг үл хуваарилах. АЗ төв нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
12.4- Хувийн ашиг үл олох. Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
12.5- Санхүүгийн хяналт. АЗ төвийн санхүүгийн үйл ажиллагааг удирдах зөвлөлийн санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
12.6- Санхүүгийн жил. АЗ төвийн санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
12.7- Санхүүгийн тайлан. Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана
 
Бүлэг XIII
Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
 
13.1- Өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр. АЗ төв эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр АЗ төвийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
13.2- Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах. АЗ төв татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно
13.3- Үлдсэн эд хөрөнгийн зориулалт. Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
 
Бүлэг XIV
Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
 
15.1- Нэмэлт өөрчлөлт оруулах журам. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах хороо боловсруулна. Нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
15.2- Нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх.Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Б.Мөнх

Like | Ангилал : ХӨДӨЛМӨР-н ЭРХ ЗҮЙ | Нийтэлсэн : aldar | Уншсан (5790) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. г адъяа :
    2013-07-09 15:07

    ТББ-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч болох ууу

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл