ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Хууль эрх зүйн ойлголт судлах зүйл

Хичээл №7 Гэр бүлийн эрх зүйн тухай ойлголт

2010-03-07 17:56

  1.Удиртгал
1. Гэр бүлийн эрх зүйн тухай ойлголт
2. Зохицуулах зүйл, арга зарчим
3. Гэр бүлийн эрх зүйн харилцаа, ангилал
1.Гэр бүлийн эрх зүйн тухай ойлголт
 Нийгэм, философийн үүднээс
Гэр бүл эхнэр нөхөр, эцэг, эх, үр хүүхэд хүмүүсийн хоёр буюу хэд хэдэн үеэс бүрдсэн сэтгэл санаа, эд материал, ёс суртахууны харилцаагаар, юуны өмнө бие биедээ чин сэтгэлээсээ харамгүй туслах үйл ажиллагаагаар холбогдсон нийгмийн бүлэг юм. /Философийн энцеклопедичеекий словарь М.1989/
 Судлаачид энэхүү ойлголтын мөн чанарыг биологи, нийгэм, социологи, хууль зүйн талаас нь тус тус тодорхойлсон байдаг.Үүнээс дурьдвал:
И.Кант:Нийгмийн хөгжлийн анхдагч бичил орчин мөн хууль ёсоор харилцах хүйсийн харилцаа буюу хууль ёсны гэрээ гэж гэр бүлийг үзсэн харин
Фихте:Эрэгтэй эмэгтэй хүйсийн болоод нийгмийн тэгш байдлын илэрхийлэл гэж үзсэн харин
Ф.Энгельс:Амьдралын нөхөн үйлдвэрлэл явуулах зориулалттай
Г.В.Гегель:Байгаль, ёс суртахууны холбоо
Э.Берджесс:Эхнэр ба нөхөр, эцэг, эх ба үр хүүхдийн хоорондын хувийн харилцааны хэв загвар
Т.Афанасьев:Цусан төрлийн ба эдийн засгийн байдлаар бус оюун санааны нийтлэгээр холбогдсон хүмүүс
А.Г.Харчев:Хүн амын биеийн болон оюун санааны хэрэгцээ, нийгмийн шаардлагаар нөхцөлдсөн гэрлэлт, ураг төрлийн буюу эхнэр, нөхөр, эцэг, эх, үр хүүхдийн харилцаа, түүнчлэн ахуй байдлын нийтлэг, ёс суртахууны хариуцлагад холбогдсон гишүүд бүхий нийгмийн бага бүлэг гэж тус тус гэр бүлийг өөрийн үзэл бодлоороо дүгнэж хэлсэн байдаг.
 Харин хууль зүйн үүднээс эрдэмтэд
В.А.Ресянцев:Гэр бүл, ураг төрөл, үрчлэлт болон өөр ямар нэгэн хэлбэрээр хүүхдийг авч хүмүүжүүлэх ба ёс суртахууны зарчим дээр гэр бүлийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоос урган гарсан эрх ба үүргийн холбоотой бүлэг хүмүүс
С.А.Муратова:Гэрлэлт, ураг төрөл, үрчлэлт, гэр бүлд хүүхдийг хүмүүжүүлэх явцад үүссэн харилцан эрх, үүргээр холбогдсон хамтран амьдарч буй хүмүүсийн нэгдлийг хэлнэ.
Г.М.Нечаева:Өөр хоорондоо гэрлэлт, ураг төрлийн үндсэн дээр ахуй байдлын нийтлэг ашиг сонирхол, үр удмаа төрүүлж хүмүүжүүлдэг, харилцан хувийн эрх, үүрэгтэй хүмүүсийн нэгдлийг хэлнэ.
Е.М.Ворожейкин:Хүүхэд төрүүлэх, хүмүүжүүлэх, аж ахуй хамтран хөтлөх, оюуны болон эр, эмийн харилцаа тогтоох, эд хөрөнгийн эрх, үүрэг эдлэх зорилгыг хүлээсэн гэр бүл, ураг төрөл, хүүхэд үрчлэх ба хуулийн бусад үндэслэлээс үүсэн бий болсон хүмүүсийн хамтын амьдрал гэж тус тус үзсэн байдаг.
 Энэ бүхнээс үзвэл гэр бүл гэдэг нь: Гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
 Харин гэр бүлийн эрх зүйн нь: Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцөл болон үрчлэлт, хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний системчлэгдсэн нийлбэр цогц юм.
2.Зохицуулах зүйл, арга зарчим
 Тухайн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн тодорхой төрлийн харилцаа юм.Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцаа, хүүхэд асран хүмүүжүүлэх, үрчлэлтэй холбогдсон харилцааг зохицуулна.
 Гэр бүлийн эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь гэр бүлийн эрх зүйн харилцааны зохицуулалтанд хэрэглэж байгаа хууль зүйн арга хэрэгсэл юм.
 Гэр бүлийн эрх зүйн харилцаанд гол төлөв Диспозитив, Императив гэсэн хоёр аргыг хэрэглэдэг.
 Диспозитив арга нь гэр бүлийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэнэ.Жишээ нь:Тэжээн тэтгүүлэх тухай гэрээ, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх талаар гэрээ байгуулах, хүүхдийн асрамж, хамтран өмчлөх, дундын эд хөрөнгө хуваах зэрэг
 Императив арга гэдэг нь:Эрх зүйн засаглан захирамжилсан, хууль зүйн шаардлагыг эрх зүйн харилцааны оролцогчид заавал биелүүлэх нөлөөллийн арга юм.Жишээ нь: Гэрлэх нөхцөл журам, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл, журам, эцэг, эх байх эрхийг хасах хязгаарлах үндэслэл, журам гэх мэт
  Гэр бүлийн эрх зүйн зарчим гэдэг нь:Гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээнд тусгагдаж тухайн харилцааны оролцогчдоос болон гэр бүлийн харилцааг зохицуулахад удирлага болгох хууль зүйн үзэл санааг хэлнэ.
Гэр бүлийн эрх зүйн зарчим нь МУ-ын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох иргэний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлнэ.Гэр бүлийн эрх зүйн зарчмын агуулгыг зөв тодорхойлж амьдрал практикт хэрэгжүүлэх нь гэр бүлийн эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ач холбогдолтой юм.
  Гэр бүлийн эрх зүйн дараах тусгай зарчмуудад тулгуурладаг.Үүнд:
• Гэрлэлт чөлөөтэй сайн дурын харилцаанд үндэслэсэн байх
• Гэр бүлд гэрлэгчид тэгш эрхтэй байх
• Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах
• Гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан шийдвэрлэх
• Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах
• Төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх
• Нэг нөхөр, нэг эхнэртэй байх зэрэг тусгай зарчмуудтай.
3.Гэр бүлийн эрх зүйн харилцаа, ангилал
Гэр бүлийн харилцаа гэдэг нь: Гэр бүлийн хүрээнд үүссэн зан заншил, ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байгаа нийгмийн харилцааг хэлнэ.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь: Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа Тодруулбал:Гэрлэлт, гэр бүлд хамаарал бүхий хууль зүйн фактаас үүдэлтэй гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг хэлнэ.
Гэр бүлийн эрх зүйн харилцааны онцлог нь дараах байдлаар илэрнэ.Үүнд:
1. “Гэрлэлт”, “Гэр бүл”, хэмээх ойлголтын мөн чанартай салшгүй холбоотой тул эдгээр ойлголтын мөн чанарыг тодорхойлох шаардлагатай.Түүний мөн чанар нь тухайн ойлголтын хууль зүйн агуулгаар тодорхойлогдоно.

Гэрлэлт Гэр бүл
Моногами дээр үндэслэсэн нөхөр, эхнэрийн холбоо Гэрлэлтийн үр дүнд үүснэ
Чөлөөтэй сайн дурын хүсэл зоригийг илэрхийлэл Эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэр бүлийн гишүүдийг бүрдүүлэх
Тэгш эрхийн үндсэн дээр Хамтын амьдрал үүсэх
Насан туршийн Гэр бүлийн нэгдмэл хэрэгцээ, ашиг сонирхол бий болох
Гэр бүлийг үүсгэн үр удмаа бий болгож, асран хүмүүжүүлж, бие биеэ халамжлах, хамтын амьдралыг үүсгэх зорилготой Гэр бүлийн гишүүд нь харилцан бие биеэ тэжээн тэтгэх
Төрийн эрх бүхий байгууллагад бүтгүүлэх Гэр бүлийн хөрөнгө болох хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болох

2. Гэр бүлийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн фактын хувьд онцлогтой:
Гэр бүлийн эрх зүйн хууль зүйн факт нь: Хүн төрөх, гэр бүл болох, нас барах, эцэг эх болох, хүүхэд үрчлэн авах гэх мэт хүний амьдралын хүрээнд үүсэн бий болох үйл явцтай холбоотой нөхцөл байдлыг хэлнэ.


Үйл явдал Үйлдэл Хууль зүйн дагуух үйлдэл Хууль бус үйлдэл
Хүүхэд төрөх, нас барах, хөдөлмөрийн чадваргүй болох Гэрлэх, хүүхэд үрчлэн авах, гэрлэлтийг цуцлах Захиргааны журмаар эцэг, эхийг тогтоох, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийг гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлэх Хуурамчаар гэр бүл болох, эцэг, эх байх эрхээ урвуулан ашиглах, тэтгэлэг төлөхөөс зайлсхийх
3. Субъетийн хувьд онцлогтой.Гэрлэлт, төрлийн холбоо бүхий хүмүүсийн нэгдэл юм.Тухайлбал гэрлэгчид, эцэг эх, хүүхэд, төрөл садангийн хүн байна.
4. Гэр бүлийн эрх зүйн харилцааны мөн чанар, түүний онцлогийг илэрхийлнэ.Эд хөрөнгийн бус амины харилцаа нэн тэргүүнд үүсч түүнтэй уяалдаж эд хөрөнгийн харилцаа үүснэ.Гэр бүлийн хүрээнд үүсэх эрх зүйн ихэнх харилцаа нь захиргааны эрх зүйн хэм хэмжээний зохицуулалттай холбоотойгоор эрх зүйн үр дагаварыг бий болгоно.Жишээ нь:Сум дүүргийн Засаг дарга асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх гэх мэт
Гэр бүлийн эрх зүйн харилцааны ангилал
Үүсэх үндэслэл Агуулга Субъектын бүрэлдэхүүн Субъектын эрх зүйн байдал
Гэрлэлтээс үүсэх, төрлийн холбооноос үүсэх, хүүхдийг асран хүмүүжүүлэх үйл ажиллагаанаас үүсэх Эд хөрөнгийн бус амины харилцаа, эд хөрөнгийн харилцаа Гэрлэгчдийн хооронд, Эцэг эх, хүүхдийн хооронд, үрчлэгч, үрчлүүлэгч, асран хамгаалагч болон харгалзан дэмжигч, дэмжүүлэгчийн хооронд, Асран хүмүүжүүлэгч гэр бүл болон хүмүүжигдэж буй хүүхдийн хооронд • Туйлын тодорхой харилцаа
• Харьцангуй тодорхой харилцаа

Ашиглах материал:
Хуулиуд:
1. Монгол Улсын Үндсэн хууль 1924 он, 1940 он, 1960 он, 1992 он
2. Гэр бүлийн тухай хууль 1999 он
3. МУ-ын Дээд Шүүхийн Тогтоолын эмхэтгэл
4. Иргэний хууль 2002 он
5. МУ-ын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хууль 2005 он
6. Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн үйл ажиллагаатай холбогдолтой хууль, дүрэм, журам /гарын авлага/Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв 2006 он
7. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 он
8. МУ-ын Иргэний бүртгэлийн тухай хууль 1999 он
9. МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль 1999 он
10. МУ-ын Нийгмийн халамжийн тухай хууль 1998 он
11. МУ-ын Эрүүгийн хууль 2002 он
12. МУ-ын Эрүүл мэндийн хууль 1998 он
Ном зүй:
1. Т.Мөнхжаргал Гэр бүлийн эрх зүй УБ,1995 он
2. А.Дугармаа Гэр бүлийн эрх зүй УБ,2005 он
3. Д.Тунгалаг.Гэр бүлийн ёс суртахуун УБ 2000 он
4. Ц.Алтанцэцэг Гэр бүлийн эрх зүй УБ, 2007 он
5.  Ц.Алтанцэцэг, А.Дугармаа Гэр бүлийн эрх зүй /гарын авлага/УБ.2007 он

2.Гэрлэлт
1. Гэрлэлтийн тухай ойлголт
2.   Гэрлэх нөхцөл журам
3.   Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох
4.   Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл журам
5.   Гэрлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл журам
1.Гэрлэлтийн тухай ойлголт
Хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ.
Гэрлэлт нь хуульд заасан дараах гурван үндсэн нөхцөлийг хангасан байх ёстой.Үүнд:
1. Эрэгтэй эмэгтэй хоёр харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэх
2. Гэрлэх насанд хүрсэн байх
3. Хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаангүй байх
Гэрлэхэд харшлах шалтгаан:
1. Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол
2. Гэрлэгчид хоёулаа эсхүл хэн нэг нь хуульд заасан насанд хүрээгүй
3. Төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэх
4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх
5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх
6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.
Харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол улсад гэрлэж болно.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.
Гэрлэгчдийн эрх:
1. Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ
2. Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.
           Гэрлэгчдийн үүрэг:
1. Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.
Гэрлэлт дуусгавар болох нь:
1. Гэрлэгч нас барсан
2. Гэрлэгчдийн аль нэгийг нас барсан гэж зарлах
3. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох
4. Гэрлэлт цуцласан тохиолдолд
Гэрлэгчдийн аль нэг нь, эсхүл хоёулаа нас барсан бол нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, оршуулсан тухай тодорхойлолт, нас барсан талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт зэргийг үндэслэн түүний эцэг, эх, эхнэр, нөхөр, 18 нас хүрсэн хүүхэд нь сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэнийг нас барсныг бүртгүүлнэ.Сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь иргэний нас барсныг бүртгэж гэрчилгээ олгоно.
Иргэний хуульд зааснаар иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш 5 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй бол сонирхогч этгэээдийн хүсэлтээр шүүх онцгой ажиллагааны журмаар иргэнийг нас барсан гэж тооцсон шийдвэр гаргана.
Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгааныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.
Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах
 Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.
 Иргэний гэр бүлийн байгууллага нь уг хүсэлтийг хянаж үзээд 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.
               Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах
• Захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгий, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
• Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна.
• Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
• Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ  авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
• Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно.
• Гэрлэгчид нь дээрх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
• Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
• Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.
• Гадаад улсад байнга оршин суугаа Монгол улсын иргэн гэрлэлтээ Монгол улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.
Дараахь тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.
Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд тус тус гэрлэлтийг цуцлахыг хориглоно.


3.Тэжээн тэтгэх, тэтгүүлэх харилцаа
1. Тэжээн тэтгэх, тэтгүүлэх харилцааны тухай ойлголт, онцлог
2. Үүсэх үндэслэл журам
3. Тэтгэлэгийн хэмжээ, олгох хэлбэр, хугацаа тэтгэлэгийг тогтоох журам
1.Тэжээн тэтгэх, тэтгүүлэх харилцааны тухай ойлголт, онцлог
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа гэдэг нь:Гэр бүлийн гишүүний аль нэг нь нөгөөдөө хуульд заасан журмын дагуу материаллаг тусламж үзүүлэхтэй холбогдсон гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа юм.
Тэжээгч гэдэг нь:Тэжээгч нь тэтгүүлэгчид материаллаг тусламж, туслалцааг үзүүлэх үүрэг хүлээсэн тэтгүүлэгчийн эцэг, эх, эхнэр буюу нөхөр, хүүхэд, төрөл, садангийн хүн, гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
Тэтгүүлэгч гэдэг нь:Тэжээн тэтгүүлэх зайлшгүй шаардлагатай болсон бага насны, насанд хүрээгүй хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй болсон эхнэр, нөхөр, эцэг, эх, төрөл садангийн хүмүүсийг хэлнэ.
Тэжээн тэтгэх үүрэг гэдэг нь:Гэрлэгчид бие биенээ, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ, хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ.
Тэтгэлгийн хэмжээ гэдэг нь:Тэжээгчээс тэтгүүлэгчид олгох хууль буюу гэрээнд заасан тэтгэлгийн доод хягаарыг хэлнэ.
Тэжээн тэтгэх гэрээ гэдэг нь: Тэжээн тэтгэгч, тэтгүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр тэжээн тэтгүүлэх эрх үүссэнээс хойш харилцан тохиролцсон нөхцөлөөр бие биеэ тэжээн тэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахыг хэлнэ.
Тэжээн тэтгүүлэх эрх: Тэжээн тэтүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, гурван нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй.
Тэжээн тэтгэх үүрэг:Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй.
 Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Тэтгэлгийн хэмжээ
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
• 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
• 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
• Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
• Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно.
Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгоно.
• мөнгөн хэлбэрээр;
• эд хөрөнгөөр.
Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгоно.
• сар, улирал, хагас жил, жилээр;
• нэг удаа.
Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
.Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
Тэжээн тэтгэх тухай гэрээ
• Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
• Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэдний хэн нэгний хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
• Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ.
Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах
• Тэжээн тэтгэх тухай гэрээг талуудын харилцан тохиролцсоноор өөрчилж, цуцалж болно.
• Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.
• Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай асуудлаар гарсан маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ
Тэтгэлэг нөхөн гаргуулах
Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.
Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална.
Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно.
Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага
Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.
Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх
Шүүх дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно:
• тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг;
• эцэг, эх, хойт эцэг, хойт эх  нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг.
Тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох
Дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно:
• тэжээн тэтгэх тухай гэрээний хугацаа дууссан;
• тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон;
• тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн;
• тэтгэгч, эсхүл тэтгүүлэгч нас барсан.

4.Үрчлэлт
1. Хүүхэд үрчлэх тухай ойлголт
2. Хүүхэд үрчлэх нөхцөл журам
3. Үрчлэлтийг хүчингүйд тооцох түүний үр дагавар
4. Гадаадын иргэн МУ-ын харъяат хүүхэд үрчлэн авах
Үрчлэлт гэдэг нь гэр бүлийн эрх  зүйд бие даасан нэг институт бөгөөд үрчлэлтийн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох, түүнээс гарах хууль зүйн үр дагавартай холбогдон үүссэн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогц юм.
Үрчлэлтийн харилцааны оролцогч нь:
• Хүүхдийг үрчлүүлж буй этгээд /Төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/
• Үрчлэгдэж буй хүүхэд /Үрчлүүлэгч/
• Үрчлэн авагч этгээд /Үрчлэгч/
Үрчлэлтийн хэлбэр
• Дотоод үрчлэлт
• Улс хоорондын үрчлэлт
• Ерөнхий нөхцөл
• Тусгай нөхцөл гэж ангилдаг.
Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл
Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь  үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.
Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.
Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
Үрчлэгч этгээдэд тавигдах шаардлага
• Насанд хүрсэн байх
• Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай
• Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байна.
Хүүхэд үрчлэхийг хориглох үндэслэл
• 60-аас дээш настай
• Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан
• урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн,
• Ашиг хонжоо олох зорилготой
• шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон,
• сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй,
• согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг,
• эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
• хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг тус тус хориглоно.
• Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад дээрх насны хязгаарлалт үл хамаарна.

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.
Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад дээрх зүйл  хамаарахгүй.
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:
• хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн /нөхөр, эхнэртэй бол хамтарч гаргасан/ хүсэлт, түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга;
• үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн магадлагаа;
• өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /гэр бүлтэй бол/;
• өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт хамаарна/;
• өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;
• өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт.
• Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
• Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан эцэг, эх нь хүлээнэ.
Үрчлэлтийг хүчингүйд тооцох
1. Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан,
2. хүүхэдтэй хэрцгий харьцсан,
3. хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
4.  Хүүхэд үрчлэн авахыг хориглосон үндэслэлүүд нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно

Like | Ангилал : ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙ | Нийтэлсэн : aldar | Уншсан (3573) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. hmm :
    2012-05-26 17:17

    Jogal

  2. Monster :
    2010-11-27 20:46

    salem kop kerekti eshtene taba almadim duris kerekti narse hoindar

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл